Монголын стартапын экосистемийн хөгжлийг илтгэх “Демо өдөр”

Гуравхан минутад багтаан бизнесийнхээ үнэ цэнийг хөрөнгө оруулагчдад тайлбарлаж, тэдний сонирхлыг татна гэдэг хэцүү даваа.  Тэгвэл МСтарс Хабын хоёр дахь хөтөлбөрийн төгсөгч шилдэг 11 стартап энэхүү давааг давж  “Демо өдөр” пичээ хөрөнгө оруулагчдад амжилттай танилцуулан, 100 гаруй хөрөнгө оруулалтын  санал хүлээн авлаа.

МСтарс Хаб  нь М-Си-Эс Венчерс компанийн санаачилгаар байгуулагдсан стартапын хурдасгуур хөтөлбөр бөгөөд хоёр дахь жилдээ 11 стартапыг  шалгаруулан авч, зургаан сарын хугацаанд дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн, мастерклассуудад хамруулж, 15-30 сая  төгрөгийн грант олгохын зэрэгцээ чадварлаг менторуудтай хамтран амжилтыг нь “хурдасгасан” билээ.  Ийнхүү хөтөлбөрийн эцэст  “Демо өдөр 2023”-ийг зохион байгуулж, уригдан ирсэн 140 гаруй зочдын өмнө үр дүнгээ тайлагнасан юм . Тэдний дунд Шунхлай групп, Голомт банк, Интелмайнд, Би Ти Эф зэрэг томоохон компаниудаас гадна хувь хөрөнгө оруулагчид ч хүрэлцэн ирснийг онцлох нь зүйтэй.

Мөн хөтөлбөрийг дүгнэж М-Си-Эс Венчерс компанийн гүйцэтгэх захирал Г.Мягмаржав “Яг жилийн өмнө анхны Демо өдрийг зохион байгуулснаас хойш 11 стартапаас 6 нь хөрөнгө оруулалт авч байсан амжилтыг энэ удаад ч давтана гэдэгтээ итгэлтэй байна. Бид бүх хөрөнгө оруулагчдад нээлттэй” хэмээн онцолсон юм.

Монголын стартапын экосистемийн бүх оролцогч талуудыг нэг дор цуглуулсан тус арга хэмжээний үнэ цэн чухалд тооцогдож, стартапын экосистемийн хөгжлийг илтгэх болжээ. Тиймдээ ч “Демо өдөр 2023” -ийн үеэр эхний стартап хөрөнгө оруулалтын гэрээгээ амжилттай үзэглэсэн бөгөөд бусад стартапууд хөрөнгө оруулалтын яриа хэлэлцээрүүдийг үргэлжлүүлж байна.

МСтарс Хабын хоёрдугаар хөтөлбөрийн стартапууд амжилттай төгсөж байгаатай зэрэгцэн дараагийн “түйвээгч” стартапуудаа хэдийнээ бүртгээд (www.mstars.mn/apply) эхэлснийг дуулгая.