Хатуу боловч чухам үнэнийг өгүүлэхэд “Цахиурын хөндий”-д үүсэн байгуулагдсан 10 стартапын 9 нь бүтэлгүйтэж уналтад ордог байна. Шалтгааныг нь тодруулахаар ажилласан судлаачдын багийнхан дампуурлын шалтгаан нь хэзээ ч ганцхан асуудлаас үүдэн гардаггүй, хэд хэд хүчин зүйлс хавсран нөлөөлдөг болохыг тогтоожээ. Ингээд топ шалтгаануудыг олж илрүүлцгээе.
- Зах зээлийн эрэлт байхгүй
Стартапуудын бүтэлгүйтлийн шалтгааны 40 хувь нь бүтээгдэхүүн, үйлчилгээ нь зах зээлийн эрэлт байхгүйгээс болдог байна. Стартапууд зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхээс илүүтэй сонирхолтой, шинэ асуудлыг шийдвэрлэх гэх нь анхнаасаа буруугаар эргэдэг.
- Бизнесийн загвар байхгүй
“Стартап гэж бизнесийн загвараа эрж, хайж байгаа байгууллагыг хэлнэ” гэсэн тодорхойлолт хүртэл бий. Тиймээс ганц гайхалтай санаатай байх нь хангалтгүй. Олон стартапууд санаа эсвэл бүтээгдэхүүнээ санал болгодог ч түүнийг дэмжих бизнесийн загваргүй байдаг. “Lean Canvas” хэмээх бизнес загварчлалыг ашиглан асуудлаа шийдэхийг санал болгож байна.
- Мөнгө дууссан
Ямар ч компани үйл ажиллагаа явуулж, оршин тогтноход мөнгө шаардлагатай. Ихэнх стартапууд эхний үе шатанд ашиг олох магадлал багатай бөгөөд өөрсдийнх оруулсан хөрөнгө оруулалт удалгүй дуусчихдаг. Компани ашиг олж эхэлтэл, үүсгэн байгуулагчид зайлшгүй зүйлд мөнгөө зарцуулж, бусдыг нь хэмнэх хэрэгтэй. Мөн таны стартап өсөлт хийхэд хэрэгтэй дараагийн шатны хөрөнгө оруулалтад яг одооноос бэлтгэж эхлэх нь зүйтэй.
- Багаа зөв бүрдүүлээгүй
Ялгаатай ур чадвар, авьяастай хүмүүсээр багаа бүрдүүлэх нь хамгийн чухал нөөц юм. Гэтэл үүсгэн байгуулагчид бүхнийг дангаараа хийх гэж зүтгэх, компанидаа шаардлагатай мэргэжилтнүүдийг цалинжуулж ажиллуулахаас татгалзах нь бүтэлгүйтлийн бас нэг шалтгаан болдог.
- Өрсөлдөөнийг үл тоох
Стартапууд өөрсдийгөө анхдаг гэдэгт бардан өрсөлдөөнийг анхаарч үзэхгүй байх нь тэднийг өрсөлдөөний стратегидаа хайхрамжгүй хандах, араасаа олон өрсөлдөгчийг дагуулж, ялгарч чадахаа болиход хүргэсэн байна. Өрсөлдөөнд хэт автах нь тийм ч зөв биш боловч тэднийг үл тоомсорлох нь бүтэлгүйтлийн 19 хувиар нэмэгдүүлж байсан юм.
